Bagheera's quote


Хүн хэзээ ч хумхын тоос болдоггүй юм

Худлаа гэвэл чи өөрөө үхээд үзээ...


"Үхээд үзье" шүлгээс ишлэв.

2011/08/17

БАЙСААР

Чамаас ирэх сураггүй чимээг
Цааснаас бус салхинаас би сонсоно
Бийрээр үл бичигдэх чиний үгсийг
Би зүрхэн дээрээсээ уншина
            Хаана ч биш хаа нэгтээ байсаар...
            Байгааг чинь би мэдэрсээр...


ТӨГСӨВ

Санаж гансрах хугацааг анзаарахгүй гэж би цагаа зогсооё
Сахиж жаргах зүүднээсээ сэрэхгүй гэж би зүрхээ зогсооё
Зүрх цаг хоёр минь цохилхоо больсон болохоор
Зөн совин минь чамайг хүлээхээ болилоо.


НАДТАЙ ГЭРЛЭЭЧ

Энэ амьдралд чинь би илүүдэе
Ирэх амьдралыг чинь билүүдэе
Зуурдын амьдралд багтахгүй хойно “одоо”
Зуу зуун жилийг барж бардамная “хожим”
  Үүлтэй тэнгэрийн дээгүүр үнэр болж салхилахдаа бие биесээ саная
  Үзүүртэй модны доогуур үндэс болж салаалахдаа нэг нэгтээ танья
  Үнэн үнээ алдах тэр үед бүгдийг мартъя
  Үлгэр хаданд гарах тэр цагт бүр шинээр эхлэе
Үхэл биднийг учруулах тэр цагт
Үүрд чи минийх болооч.



ҮХЭЭД ҮЗЬЕ

Хар дарсан зүүдтэйгээ..
Харанхуйд дассан сэтгэлтэйгээ..
Халгаж нуугдсан сүүдэртэйгээ..
Хараалаар дүүрсэн шүлэгтэйгээ..
       Хаашаа ч хамаагүй дүүлье..
       Хаана ч хамаагүй дуулъя..
       Тэрлэж байгаад уйлъя..
       Тэнэж яваад үхье ээ…  

Зовлон таталж, оронд хулжиж ханалаа
Найдвар тасарч, нулимсандаа живж хахлаа
Хоног тоолон тоос долоохоо болъё
Хорголоо тоолсон хорвоогоос би тонилъё
       Өнгөрсөнд би өс санахаа болино
       Өнгө мөнгөнд захирагдалгүй амьдрана
       Далавч ургуулан чиний дээгүүр ниснэ
       Дайралдсан бүхнийг найзаа гэж дуудна
Там диваажин хоёрын дунд би визагүй зорчино
Тахилын ширээнээс ундаалж, булшинд унтана
Бурхан буг хоёртой буу халж хуучлана
Буруутгаж тэднийг чи минь битгий зэмлээрэй
       Дэлхийг би дээрээс нь харж зурна, будна
       Дэргэдээс чинь чимээгүй хайрлаж сурна
       Мөрөөдлөө би хаа нэгтээгээс олохоор явна
       Мөнхийн амьдралаас уйдвал эргээд ирнэ
Үхлээч би үхэхгүй, гэхдээ үлдэхгүй
Үнэндээ үхэж үзээгүй, үзэхийг хүсээгүй
Харанхуй бүхнээс залхаад гэрэл хайхаар явлаа
Хааяа ч гэсэн чамтайгаа хамт хонохоор ирнээ
      Амьдрал.. авс, маани хоёроор дуусахгүй
      Адал явдал, аялал хэзээ ч төгсөхгүй
      Хүн хэзээ ч хумхын тоос болдоггүй юм
      Худлаа гэвэл чи өөрөө үхээд үзээ..



СҮҮЛЧИЙН АМЬСГАЛ

Сиймхий гэрийн хойморт, сэлбэж зассан нааран дээр
Сэтэрч домнох сүүжээ хүчлэн байж хөрвөөлөө
Сэгсгэр ижийнхээ гэдсэнд хөлөө жийж дулаацаад
Сүүлчийн балга агаарыг харамлан байж залгилаа
  Сүлд биш тоо буусан зоосыг занан санан итгэхэд
  Сүүгээр биш уйгаар сүлсэн цай завьж даган урсахад
  Сүүдэр минь үнэн үхэл хоёроос нуугдан байж хоцорлоо
  Сүнс минь шүлэг гуниг хоёртоо сүжрэн байж хоргодлоо..


ҮХЭЛ БОЛ ТӨГСГӨЛ БИШ

Төрнө гэдэг нэгийн даваа
Төлөвшинө гэдэг хоёрын даваа
Үхнэ гэдэг гурвын даваа
Үүний дараа үй түмэн даваа



ЯЛАА БИД ХОЁР

Үхэл надруу хэтэж
Өвчин намайг шүлсдэж
Айдас надаар даажигнаж
Авс минь ир гэж даллана
    Хэн нэгэнд амиа даатгаж
    Хэвтээгээрээ аягаа долоож
    Хөнжлөөрөө хувцаслаж
    Хөлийн чимээнээс цаг асууна
Гадаа нэг гарахсан
Ганцхан удаа болзоонд явахсан
Эрийн энгэрт эрхэлж нэг жаргахсан
Ээжтэйгээ хөтлөлцөөд дэлгүүр хэсэхсэн
    Нөхдийн дунд сууж хов ярилгүй уджээ
    Нүгэлт дарсны амт ямар байдгийг мартжээ
    Ажилдаа яарч амь тэмцэлгүй удсан байна
    Амьдралд яарч дурлалд умбахгүй уйтгартай байна
Өрөөнд дүнгэнэх энэ ялаа шиг нисэхсэн
Өдөржин дураараа хэрэн тэнэхсэн
Ахиад жоохон амьдрахсан, ижийтэйгээ
Алхаж бас бүдэрч, дахин нэг хөлд орохсон
    Аав минь аяархан санаа алдахад
    Арван хором би өвчнөө мартан тэвдлээ
    Ээж минь энгэр норгон уйлахад
    Энэ л өдөр би үхэхгүй юмсан гэж тэвчлээ
Номын хонх зулай доргион жингэнэхэд
Нойрон дундаа би хэсэгхэн тайвширав
Норкозны үйлчилгээ нэгэнтээ гарахад
Нойтон дэрэн дээр амьдрал минь төгсөв
    Үхэл рүү би ганцаараа явахгүй, өрөө хүйтэн байна
    Өнөөх ялаа дэрэн дээр минь бээрчээ, өнөөдөр замд гарна
    Одоо бид гадаа гарна аа
    Орчлонгоор хамтдаа ниснэ ээ.



ЗАХИДАЛ

/Сэгс Цагаан Богд III/ 

Найз минь, хайрт минь чи сайн уу?
Наана чинь дулаахан байна уу?
Нар мандаж бас жаргадаг хэвээрээ юу?
Надад ч бас ярих сонин зөндөө байна
     Саяхан манай дээвэр дээр, сараана цэцэг ургасан ч
     Саваагүй нэгэн ямаа, найргүй зажилж орхисон
     Хажуу хавийн хулганууд хааяа орж гардаг ч
     Хамаг арц, будааг минь зөөгөөд дууссан
Найз минь чи манайхаар нэг ороод гараач
Нарны элчийг санаж байна, намайг аваад гараач
Хамт зугаалж найрлъя, дарс бариад ирээрэй
Хаалганы нугас эвдэрсэн, шинийг аваад ирээрэй
    Төрсөн өдрөөр минь яагаад ирээгүй юм бэ?
    Түүртэж ажилдаа ядраад мартчихсан юм уу?
    Өнгөрсөн ч гэсэн хамтдаа сайхан тэмдэглэе
    Өвөрт чинь нэг шөнө дулаан хоноод авъя
Саяхнаас би жин хаяж эхэлсэн, толь авчраарай
Сайн мэдээ гэвэл үс минь урт ургасан, сам авчраарай
Завтай болохоороо заавал над дээр ирээрэй
Замдаа цэцэг түүгээд ирээрэй
    Хайртай шүү би чамдаа
    Хаягийг минь бүү мартаарай
    Чингэлтэйн Далан давхар уул шүү
    Чигээрээ яваад баруун энгэрт шүү.


НАМРЫГ БИ ҮЗЭН ЯДДАГ

Биднийг учруулсан тэр нэгэн зун
Бэр цэцэг зөндөө их ургасан
Надад чи итгэл бэлэглэсэн тэр намар
Навчис шарлаагүй, ногооноороо хагдарсан
     Нүгэл буянаас нуугдаж жаргасан тэр өвөл
     Нүүдлийн шувууд гэртээ хариагүй, манайд өвөлжсөн
     Дэргэд чинь хулжиж дэндүү ижилссэн тэр жил
     Дэнлүү мөнгөн саран дээвэр ноолж нялхарсан...
Заяа тавиландаа чи бууж өгсөн дараа намар нь
Загас нуурандаа живж намайг зөндөө уйлуулсан
Нандин бүхнээ чи орхиод одсон тэр жил
Нар зайрмагтаж хөлдөөд намайг зөндөө дааруулсан
     Учрал эзгүйрч, урмыг минь чи хугалсан тэр намар
     Унага согтож, зэлэндээ бүдэрсэн, дэлэндээ эссэн
     Итгэл эвдээд чи эргэж харалгүй одсон тэр жил
     Ингэ ихэрлэж, ботгоо голсон, говь гандсан
Үнэн сэтгэлээ чамд илчилж амжаагүй болохоор
Үзэг цаас хоёр минь уйлдаг болсон
Шүүдэр буусан өглөө өнчирч хоцорсон болохоор
Шүлэг онгод хоёр минь төөрдөг болсон
     Үрийн чинь зөөлөн зулайг үнэрлэж амжаагүй болохоор
     Өндөгөө дарах шувуудтай барьцаж чадахаа байсан
     Уйлах эрхгүй хайр минь гантай намаржсан болохоор
     Урсах нулимс цангааг минь тайлж барахаа байсан
Нүгэлээс зугтаж, үнэнээс чи урвасан тэр намар
Нүүдэллэж явсан шувуудын цуваа замдаа төөрсөн
Ээжийн чинь сүү энгэртээ ээдсэн тэр жил
Эргэж ирэхгүйг чинь мэдээд би хүлээхээ больсон
     Амлалтаа мартаж, амрагаа чи орхисон тэр намар
     Аавын чинь эмээлийн мөнгөн товруу зэвэрсэн
     Өргөсөн зул цөгцөндөө хөгцөрсөн тэр жил
     Өөрийг чинь дагаад би үхмээр байсан
Залуу настай чинь залгиж орхисон болохоор
Замбуулинг би зөндөө их үзэн ядсан
Үхэлд сөгдөн бууж өгсөн болохоор
Үнэндээ чамайг ч бас үзэн ядсан
     Хувь тавиланг уярааж чадаагүй
     Хайр сэтгэлээ би үзэн яддаг
     Надаас чамайг минь үүрд хагацаасан
     Намрыг хамгийн ихээр үзэн яддаг
Уйлаад гуйгаад чамтай минь уулзуулж чадахгүй
Удган, Бурхан, Чөтгөр бүгдийг нь би үзэн ядаж байна
Өнгөрснийг санаж, өнөөдрийг занаж амьдрах атлаа
Өөр хүний өвөрт намаржих өөрийгөө бүр ихээр үзэн ядаж байна.